Tuesday, September 14, 2010

Ерөнхий сайдтай хийсэн онлайн уулзалт

2010 оны 2 сард гэнэтхэн танил ах маань ярьж үдээс хойш 4 цагаас Элчин Сайдын Яам дээр ирж Ерөнхий сайд Батболдтой хийх онлайн уулзалтанд оролцож чадах эсэхийг асуусан юм.

Ерөнхийдөө Ерөнхий сайд Таван толгойн ордыг ашиглах талаар Засгийн газрын байр сууриа илэрхийлж, энэ талаар уулзалтанд оролцогч гадаадад оршин суудаг монголчууд санаа бодлоо хэлж, энэ нь ТВ-ээр гарах дэс дараалалтай.

Асуулт бэлтгэх цаггүйгээр ингэж гэнэтхэн зарласанд гайхсан 10 орчим оюутан, ажилладаг хүмүүс цугларлаа. Мэдээж монголын цагаар 18 цаг гэж эхлэв. Цаг бага байсан ч гэсэн тэнд байсан хүмүүс бүгдээрээ ярилцаж байгаад доорх гурван асуултыг сонгосон юм.

Яамны байр суурийг бодоод Солонгосын текник технологийн хөгжил өндөртэй компаниудыг хамруулбал ямар вэ, энд ажиллаж байгаа олон залуучууд Тавантолгойг ашиглаж эхэлбэл буцаад
Монголдоо ажиллах боломжтой болно гэсэн талаас нь ярьвал зүгээр гэсэн саналыг "албаны" ганц нэг хүн тавьж байсан ч тэнд байсан залуучууд хүлээж авалгүй өөрсдийн сэтгэлээсээ  эдгээр асуултуудыг бэлтгэсэн гэдгийг бас хэлмээр байна.

1. Оюутолгойг ашиглах гэрээ батлагдаад ажилдаа орсон, Таван толгойн ордыг ашиглах гэрээ шулуун замдаа орлоо. Энэ ордуудын нэгийг нь л гэхэд Монголын эдийн засгийг сэргээх бүрэн чадалтай. Засгийн газар, эрх баригч хоёр нам маань гадны компаниудад гэрээгээр амлалт өгдөг шигээ ард түмэндээ хандаад ойрын 3-5 жилдээ бусад стратегийн ордуудаа хойч үедээ хадгалж ашиглахгүй байна гэсэн гэрээ амлалт одоо өгч чадах уу?.

Оюутолгойн гэрээг хэр сайн болсныг, юуг сайжруулах хэрэгтэйг цаг хугацаа / 2 жил / харуулбал амьдралд шалгагдсан гэрээг стандарт болгож болох юм. Төрийн хар хайрцагны бодлого, ирээдүй төлөө гэхээсээ сонгуулийн хугацаанаас өмнө үү хойно уу гэдэгт л илүү анхаарч байгаа харагдах юм.


2. Таван толгой ордын ашиглахдаа иргэдэд хувьцаа олгоно гэж Засгийн газар ярьж байна.
Иргэдэд 10% ч юмуу багахан хувь ноогдож байгаа гэж сонссон. Гадны компаниудад ноогдох хувиас хэтэрхий бага байгаа. Нэмээд иргэдэд олгох хувьцааг 5 жилийн дараа хувьцааны үнэ жинхэнэ ёсоор өссний дараа зарах эрхтэйгээр олговол өмнөх ягаан, цэнхэр хувьцааны алдааг давтахгүй байхад тус болох болов уу гэж бодож байна. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

3. Ашигт малтмалын ордыг гадаадын компанитай хамтран ашиглахад ашигаас чухал зүйл нь үндэсний боловсон хүчнээ бэлтгэх байдаг. Таван толгойн ордод ажиллаж дадлагажсан манай үндэсний боловсон хүчин өөрсдийн хүчээр дараа дараагийн ордоо ашиглах чадалтай болоход анхаарах хэрэгтэй. Тиймээс дунд шатны ажилчдын 50%, удирдах ажилчдын 30%, анхан шатны ажилчдын 80% нь монгол боловсон хүчнээр бүрдүүлнэ гэх мэт тодорхой нарийн заалт оруулах саналтай байна. Энэ талаар Засгийн газрын байр суурийг сонирхож байна?


4. /Хувийн санал/ Монголд гадаадын хөрөнгө оруулалт гэхээр хувьцаа эзэмшдэг шууд хөрөнгө оруулалтыг илүү ярьдаг тал бий. Хувь эзэмших гэдэг маань тухайн компаны удирдлага цаашлаад хэн эзэн бэ гэдгийг шийддэг маш эмзэг асуудал байдаг. Тиймээс гадаадад хийгдэж буй төслийн гэрээг хийхэд хэн хэдэн хувь эзэмших вэ гэдгээ л шийдэхдээ асар их судалж байж шийддэг.

Тийм осолтой хэлбэрийн хөрөнгө оруулалтыг эхэлж таталгүй арай риск багатай зээл гэж шууд бус хөрөнгө оруулалтын хэлбэрийн талаар ярих хэрэгтэй цаг болсон. Зээл бүр олдохгүй гэж ярьж болох ч арга байхгүй биш. Зээл өгөх гадны банкууд барьцаа нэхнэ. Манай Засгийн газрын баталгааг хэрэгсэхгүй. Харин Таван толгой, Оюутолгойгоос гарах нүүрс, зэсийг сонирхоод байгаа Японы Сумитомо, Солонгосын Поско зэрэг дэлхийн хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг компаны батлан даалт байвал өөр хэрэг. Бид нар эдгээр компаниудад нүүрс, цэсээ тогтоосон хэмжээгээр зах зээлийн үнээс 3% хямдаар 10 жил нийлүүлнэ гэвэл манайд барьцаа гаргах талаар нааштай судлах л болно.

Эцсийн дүнд нь бид уурхайгаа 100% эзэмшдэг, ашгаа 100% өөрсдөө авдаг, жилийн 3% хүүтэй зээл төлдөг л болно. Гадны боловруулах үйлдвэрүүдэд найдвартай түүхий эдийн нийлүүлэлт нэгдүгээрт болохоос эзэмшиж байгаа хувь нь нэгдүгээрт биш.

Сардаа 1 хонь өгөөд байсан ч сэтгэл нь ханах данжаадад заавал сүргээ тэр чигт нь өгөөд жил бүр гарсан шинэ төлөө хуваая гээд байх малчин хар ухаанаар бодсон ч байхгүй.

Эцэст нь хэлэхэд эдгээр асуулт саналаа бид Ерөнхий сайдад яахоо мессэнжирээр онлайн уулзалтын үеэр хүргэсэн ч техникийн саатлаар хариу юу гэж хэлэхийг нь сонсож чадаагүй нь их харамсалтай юм даа.


2010.9.13        Сөүл хот

9 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Сайн асуулт бэлдсэн байна. Тэгээд сайдын хариулт юу байсан бэ?

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.