Sunday, August 19, 2007

Positive Thinking - 2

Зовлон үзсэн чавганц

1991 оноос өнөөдрийг хүртэл Монгол улс чухам юунд хүрэхийн төлөө юугаа золиослов гэж хааяа бодогддог юм. Зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөө магадгүй эдгээр зүйлсийн төлөө бид явсан байх. Харин хүмүүсийн хувьд энгийнээр тодорхойлбол юу гэж хариулах бол. Би ардчилалын төлөө, зах зээлийн эдийн засагт шилжихийн төлөө гэж хэлэх хүн цөөхөн болов уу. 90-иэд оны эхэн үеийн социалист тогтолцооны задрал бидэнд сонголт өгөөгүй зөвхөн өөр замаар явах хэрэгтэй болжээ гэдгийг ойлгуулж, эдийн засгийн хямралыг авчирсан. Энэ хэцүү үе хурдан өнгөрч, үр хүүхэд, ах дүү олноороо ирээдүйдээ санаа зовох зүйлгүй, амьдрах байртай, унах унаатай, хүүхдүүд маань үе тэнгийнхэнтэйгээ сурч боловсорч, төрсөн нутагтаа зундаа сайхан амарч, ажил төрөлтэй, гэмт хэрэггүй, төр нь төвшин, шударга төвшин орчинд амьдрахыг л хүмүүс хүссэн, зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөөг ийм нийгмийг авчрахад ул суурь нь болдог эхлээд хэрэгтэй зүйлүүд юм байна даа гэсэн ойлголт дийлэнх хүмүүст байсан болов уу.

Тийнхүү 16 жил өнгөрлөө. Тэр сайхан мөрөөдлөөр амьдарч явсан хүмүүс маань хөгширч, ядарч, цөөрч байна. Зах зээлийн эдийн засагтай, ардчилал, эрх чөлөөг азидаа дээгүүр хангасан улс боллоо. Харин гудамжаар айх юмгүй алхаж, эх орондоо эзэн нь юмшиг байхаа болилоо.
Энэ арван зургаан жилд зүй бусаар хичнээн олон хүн ертөнцийг орхисныг, хичнээн олон хөгшид үр хүүхэддээ санаа нь зовсоор, амьдрал нь өдрөөс өдөрт доройтсоор байхыг харсаар нүд аньсыг тоолж чадахгүй ч монгол хүн бүр мэдэрч чадна. Байгаль орчин, гадаадад гарсан хүмүүс, хяналтаас гарсан архидалт, хүн амын бодлого, авилгалд баригдсан төр, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ.
Тодорхой хэмжээний золиосыг гаргах ёстой байсан гэдэгтэй санаа нийлэх ч монголын энэ 16 жил бол золиос гэхэд цаг хугацааны хувьд ч, хүмүүсийн амьжиргааны түвшний хувьд ч хэрээс хэтрээд байна. Үүнийг л хэлж чадах байна.
Зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөө буруу зүйл байгаагүй. Харин үүгээр дамжуулаад хүмүүсийн хүрэх гэсэн тэрхэн мөрөөдлийг хэтэрхий орхигдуулж ирсэн. Төрийн минь сүлд өршөөг гэж залбирдаг монгол түмний сэтгэлийг ашиглаж, эв түнжингүй, тууштай бодлогогүй, хувиа хичээсэн хэдхэн хүнээс болж хэрээс хэтэрсэн золиос гарсан.


Positive: Эерэг талаас нь бодох тун аргагүй юм. Хүний мөрөөдлийг устгах нь тэр хүнийг өөрийг нь алахаас дор. Монголчууд маань зовлонд хат үзэж, дахин өөрийн үр хүүхэддээ ийм нийгмийг үлдээхгүй төлөө, шударга төртэй, авилгал гэмт хэрэггүй, амар түвшин амьдрахын үнэ цэнийг мэддэг хүмүүс болж үлдэнэ гэдэг л энэ бүхнээс бидэнд үлдэх сургамж юм даа.



2007.08.19 Batjargal

Positive thinking - 1

Бидний эргэн тойронд болж бүтэж байгаа зүйлүүд ч их байдаг болохгүй зүйл ч их байдаг. Гэхдээ монголд маань болж бүтэхгүй зүйлүүд нь л их харагдаад байх юм. Магадгүй надад тэр талыг нь олж хараад байдаг тал бий. Ээж минь амны билгээс ашдын билэг, юмыг сайн талаас нь бодож байгаарай гэж захидаг. Бараан зүйлийг ч гэсэн сайн талаас нь хараад яаж зөв талруу нь ашиглаж болох вэ гээд бодоод үзтэл нээрээ ганц нэг боломжийн санаанууд орж ирсэн. Шинэ санаа нэмж орж ирвэл бичээд байна аа. Та нар ч гэсэн санаа нэмээрэй.
Өчигдөр хоёр найзтайгаа ярьж суугаад нэг уриатай болсон " Гэрэл гэгээтэй амьдралын төлөө"


Телевиз
Монгол явах болгонд дандаа ажиглагддаг зүйл бол монголчууд маань телевиз үзэхэд хэтэрхий олон цагыг зарцуулдаг тал. Телевизээр амьсгалж, дотор нь амьдарч, гарсан зүйлийг нь тунгаалт багатайгаар хүлээн авч, ажлын бус цагыг ерөнхийдөө телевизтэй хамт өнгөрөөж байна. Жаахан дүү нар маань ямар нэг хамгаалалтгүйгээр хүчирхийлэл, садар самуун, хэрүүл уруулыг үзэж байгаа нь ирээдүйд ямар үр нөлөө үзүүлэхийг хэлэх аргагүй. Хятадын суваг л гэхэд 4-5 гарч байх юм.
Нэг үгээр хэлбэл үзээд байгаа телевизийн агуулганд хэрэгтэй зүйл алга.
Солонгосд оюутнуудын ихэнх нь телевиз 1 цагаас дээш үздэггүй, тийм цаг байхгүй, бас интернэт, ном, сонин гээд бусад сувгуудаас авч, өөрийгөө боловсруулахад илүү анхаардаг. Ажил хийдэг хүмүүс ч ялгаагүй.

Positive: OK, хүмүүст телевизээс өөр цаг өнгөрөөх зүйл байхгүй байгаа юм байж. Монголчуудын дийлэнх нь телевиз үзэж, нэг үзсэн зүйлдээ сайн итгэдэг, бас зөв агуулгатай нэвтрүүлгүүдийг гарч байвал солонгос драм, янз бүрийн кино, хошин шог үзэж байхгүй гэж төсөөлье.

Тэгвэл телевизийг эсрэгээр ашиглаад, үнэхээр хэрэгтэй зүйлүүд гаргадаг ядаж нэг сувагтай болчихьё. Ямар ч байгалийн баялаггүй Сингапур яаж хөгжснийг, Авилгал хахууль, хар тамхины орон Хонгконг, Тайван яаж үүнийгээ даван гарсныг харуулсан баримтат нэвтрүүлгүүд Discover channel-аас хэдийнэ хийгдсэн байгаа. Солонгосын EBS боловсролын суваг шиг монгол дүү нарт маань англи хэл, танин мэдэхүй нэвтрүүлгүүдийг хүргэе. Физик томьёо цээжлэхээр л дуусдаг биш робот, пуужин, компьютер бүтээгч болдгийг, сургуулийн өмнөх насны хүүхдүүд англид хэрхэн хүмүүждгийг, Солонгосууд одоогийн драм шиг амьдралд хүрч сайхан амьдаряа гэсэн уриа дор яаж нэг хүн шиг ажилласныг, Герман хүн яагаад цаг барьдгийг мэдэж болдог тийм суваг.
Монголчууд маань харсан юмаа амархан хүлээж авдаг, би яагаад чадахгүй юм гэж мөрөөдөж чаддаг ард түмэн. Тэдэнд гэрэлтэй зүйлүүдийг хүргэвэл хүмүүсийн маань тэмүүлэх зүйл өөрчлөгдөнө. Хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгөөр тэднийг хуурах аргагүй болно.




2007.08.19 Батжаргал