Sunday, August 19, 2007

Positive Thinking - 2

Зовлон үзсэн чавганц

1991 оноос өнөөдрийг хүртэл Монгол улс чухам юунд хүрэхийн төлөө юугаа золиослов гэж хааяа бодогддог юм. Зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөө магадгүй эдгээр зүйлсийн төлөө бид явсан байх. Харин хүмүүсийн хувьд энгийнээр тодорхойлбол юу гэж хариулах бол. Би ардчилалын төлөө, зах зээлийн эдийн засагт шилжихийн төлөө гэж хэлэх хүн цөөхөн болов уу. 90-иэд оны эхэн үеийн социалист тогтолцооны задрал бидэнд сонголт өгөөгүй зөвхөн өөр замаар явах хэрэгтэй болжээ гэдгийг ойлгуулж, эдийн засгийн хямралыг авчирсан. Энэ хэцүү үе хурдан өнгөрч, үр хүүхэд, ах дүү олноороо ирээдүйдээ санаа зовох зүйлгүй, амьдрах байртай, унах унаатай, хүүхдүүд маань үе тэнгийнхэнтэйгээ сурч боловсорч, төрсөн нутагтаа зундаа сайхан амарч, ажил төрөлтэй, гэмт хэрэггүй, төр нь төвшин, шударга төвшин орчинд амьдрахыг л хүмүүс хүссэн, зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөөг ийм нийгмийг авчрахад ул суурь нь болдог эхлээд хэрэгтэй зүйлүүд юм байна даа гэсэн ойлголт дийлэнх хүмүүст байсан болов уу.

Тийнхүү 16 жил өнгөрлөө. Тэр сайхан мөрөөдлөөр амьдарч явсан хүмүүс маань хөгширч, ядарч, цөөрч байна. Зах зээлийн эдийн засагтай, ардчилал, эрх чөлөөг азидаа дээгүүр хангасан улс боллоо. Харин гудамжаар айх юмгүй алхаж, эх орондоо эзэн нь юмшиг байхаа болилоо.
Энэ арван зургаан жилд зүй бусаар хичнээн олон хүн ертөнцийг орхисныг, хичнээн олон хөгшид үр хүүхэддээ санаа нь зовсоор, амьдрал нь өдрөөс өдөрт доройтсоор байхыг харсаар нүд аньсыг тоолж чадахгүй ч монгол хүн бүр мэдэрч чадна. Байгаль орчин, гадаадад гарсан хүмүүс, хяналтаас гарсан архидалт, хүн амын бодлого, авилгалд баригдсан төр, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ.
Тодорхой хэмжээний золиосыг гаргах ёстой байсан гэдэгтэй санаа нийлэх ч монголын энэ 16 жил бол золиос гэхэд цаг хугацааны хувьд ч, хүмүүсийн амьжиргааны түвшний хувьд ч хэрээс хэтрээд байна. Үүнийг л хэлж чадах байна.
Зах зээлийн эдийн засаг, ардчилал, эрх чөлөө буруу зүйл байгаагүй. Харин үүгээр дамжуулаад хүмүүсийн хүрэх гэсэн тэрхэн мөрөөдлийг хэтэрхий орхигдуулж ирсэн. Төрийн минь сүлд өршөөг гэж залбирдаг монгол түмний сэтгэлийг ашиглаж, эв түнжингүй, тууштай бодлогогүй, хувиа хичээсэн хэдхэн хүнээс болж хэрээс хэтэрсэн золиос гарсан.


Positive: Эерэг талаас нь бодох тун аргагүй юм. Хүний мөрөөдлийг устгах нь тэр хүнийг өөрийг нь алахаас дор. Монголчууд маань зовлонд хат үзэж, дахин өөрийн үр хүүхэддээ ийм нийгмийг үлдээхгүй төлөө, шударга төртэй, авилгал гэмт хэрэггүй, амар түвшин амьдрахын үнэ цэнийг мэддэг хүмүүс болж үлдэнэ гэдэг л энэ бүхнээс бидэнд үлдэх сургамж юм даа.



2007.08.19 Batjargal

1 comment:

Anonymous said...

Ynen shyy.