Tuesday, December 29, 2009

Ажил мэргэжлээ сонгохын өмнө - 2

Тодруулга:
Сонбэ - солонгосоор ерөнхийдээ өмнө яваа хүн гэсэн үг /нас, курс, ажилласан жил г.м хугацаанаас хамааран туршлага хуримтлагддаг зүйлд хэрэглэнэ/
Хүбэ - дээрхтэй холбоотой, ерөнхийдөө ардаас нэхэж яваа хүн гэсэн үг


... Сонбэ гэж дуудуулдаг болсноос хойш 5 жил өнгөрсөн байх юм.
Мастерд 2 жил, Солонгос компанид 3 жил нүд ирмэх зуур л урсан одож.
Одоо 3, 4 курст сурч байгаа хүбэ нараас сургуулиа төгсөөд ямар замаар
явах вэ гэсэн тал дээр сонбэгийн хувьд зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлт ирэх болгонд
сайн бодож байгаад бичлэг бичих хэрэгтэй юм гэж бодсоор удлаа.

Хүн болгоны өмнө ирээдүйд ямар замаар явах вэ гэдэг асуудал байнга оршиж байдаг.
Би ч гэсэн яг одоо энийг л бодож байна. Хэрвээ явсан бол ирээдүйд их амжилт юмуу аз жаргал олох зам байгаад тэрийг зөв сонголгүй буруу замаар явчих вий гэсэн айдас бидэнд
байдаг юм шиг байгаа юм. Миний бодлоор угаасаа тогтоосон тийм зам гэж байхгүй.
Өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл хангалуун настай хүмүүсийг харахад өөрийнхөө сонгосон замаар
залуу насны эрч хүч, тэмүүлэлээ зориулж амьдарсан хүмүүс их байдаг.
Харин өнгөрөөсөн амьдралдаа сэтгэл дундуур настай хүмүүсийн хувьд өөрөө сонгосон гэхээсээ
бусдын сонгож өгсөн, хүмүүсийн сайхан гэсэн замаар явсан хүмүүс нэлээн байдаг юм шиг.

Насны эцэст зөв замуу буруу зам уу гэдэг бусад хүмүүсийн жишиг биш
чиний өөрийн л жишгээр тодорхойлогдох болохоор өөрөө өөртөө үнэнч явах л гол зүйл
болов уу гэж хэлэх гэсэн юм. Өөрөө өөрийгөө юунд дуртайг сайн мэдэхгүй, эсвэл цаг хугацаа,
орчин нөхцөл өөрчлөгдөх болгонд дуртай зүйл чинь өөрчлөгдөөд байвал өөрийгөө таних аялалд гараад үз, ямар нэг зүйл хийгээд үз. Зүгээр хүлээлгүй хайгаад, бэлтгээд байвал хайж буй зүйлээ олох л болно.

Хүбэ нар маань өөрийнхөө замыг сонгосон гэж үзээд сонбэгийн хувьд хэрвээ сонгосон зам чинь миний явж буй замтай ойролцоо бол энэ замаар хурдан явахын тулд юу бэлтгэх хэрэгтэйг чадлынхаа хэмжээнд бичье.

Аль зам зөв гэдгийг хэлэх аргагүй ч миний мэддэг зам бол хурдан явах талаар зөвлөх гэсэн юм. Бусад замуудаар явж буй сонбэ нар туслана гэж найдаж байна.
Мэргэжил өөр байсан ч нэг улсын хувьд нийтлэг зүйл их болохоор бусдын туршлагаас авах зүйл их байх болов уу.

Маш олон замууд байгаа болохоор ерөнхийд нь ангилж үзвэл / нэг хувилбар /

1. Баклавар / мэргэжил * улс / → Ажил / мэргэжил * улс /
2. Баклавар / мэргэжил * улс / → Магистр / мэргэжил * улс /
3. Ажил / мэргэжил * улс / → Магистр / мэргэжил * улс /
4. Магистр / мэргэжил * улс / → Ажил / мэргэжил * улс /
5. Магистр / мэргэжил * улс / → Доктор / мэргэжил * улс / г.м

Миний хувьд
Баклавар / Биз.удирдлага * БНСУ / → Магистр / Менеж.инж * БНСУ /
Магистр / Менеж.инж * БНСУ / → Ажил / Хөр.оруулалт * БНСУ / гэж болно.

Зөвлөгөө 1.

Баклавар / Биз.удирдлага * БНСУ / → Магистр / Менеж.инж * БНСУ / тохиолдолд:
Солонгост баклаварт сурч буй гадаад оюутан үргэлжлүүлэн магистрд сурахаар сонголтоо хийсэн бол сургуулиа товлох, тэтгэлэг олох гээд хэд хэдэн даваа байдаг.

А. Бэлтгэлээ эрт эхлэх

Аль болох эрт бэлтгэлээ эхлэх хэрэгтэй. Сонголтоо хийж чадахгүй бол аль сонголт хийлээ гэсэн бэлтгэх хэрэгтэй болдог гадаад хэл, голох хичээлүүдийн дүн зэргийг бэлтгээд эхлэх хэрэгтэй. 1-р курсаасаа бэлтгэсэн ч эртдэхгүй.

Б. Сургуулиа сонгох

Солонгосын хувьд сургуулиас хамаарч сургалтын чанар, оюутнуудын түвшин эрс өөрчлөгддөг болохоор аль болох чанартай сургуулиудад /KAIST, POSTECH, SNU, Korea, Yonsei/ хандаж, шаарддаг материал, тэтгэлэгийн хүрээ, тус сургуулийг төгссөн багш танай сургууль багшилдаг эсэх /recommendation letter/-ийг мэдэх хэрэгтэй.

В. Тоефлд бэлтгэх

Өөр олон гадаад хэлний шалгалтууд байдаг ч Солонгосын их дээд сургууль тоефлийн оноог их чухалчилж үздэг. Цаг хугацааны бололцоо байвал тоефлд урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Чанартай сургуульд ороход СВТ 250 дээш авбал тэтгэлэг ч авахад амархан болдог. Солонгосчууд гадаадад их сурдаг болохоор тоефлийн дамжаанууд нь сайн сургалттай, сурах бичгүүд ч хангалттай байдаг. Hacker's Academy, Pagoda зэрэг дамжаануудын вэб сайтаас хэрэгтэй мэдээллээ олж аваарай. Харин хугацаа бага байвал богино хугацаанд өндөр оноо авах
боломжтой TOEIC-ийн шалгалтыг өгөөд 900 дээш оноо авах хэрэгтэй.

Г. Тэтгэлэг олох

Магистрд элсэхийн өмнө тэтгэлэг олохоосоо элсэх зөвшөөрөл авсны дараа тэтгэлэг олдох нь их байдаг. Эхлээд сургуульдаа материалаа өгөөд элсэх зөвшөөрөл авсны дараа сургуульдаа research assistant хийх, багшийнхаа прожектэнд орж ажиллах зэрэг аргууд байдаг ч магистрын мэргэжлээс хамаараад олдоц нь өөр өөр байдаг. Менежмент инжинеерийн мэргэжлээр
KAIST-д гадаад оюутанд тусгай тэтгэлэгтэй, сургалтын төлбөрөөс чөлөөлдөг. Korea-ын хувьд ч нэлээн хангамж сайтай гэж сонссон.


Зөвлөгөө 2.

Магистр / Менеж.инж * БНСУ / → Ажил / Хөр.оруулалт * БНСУ / тохиолдолд

Солонгосын банкинд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаад харж байхад
одоохондоо Солонгосын банк санхүүгийн байгууллагад баклавар төгсөөд шууд
ажиллаж байгаа гадны оюутан бараг байдаггүй. Нэлээн хаалттай гэж хэлж болно. Харин санхүүгийн чиглэлээр магистр төгсөөд, тодорхой ажлын туршлагатай бол магадлал нэлээн нэмэгдэнэ.

А. Мэргэшсэн чиглэл, сертификаттай байх

Дээр дурдсан сургуулиудын санхүүгийн нарийн мэргэжлийн чиглэлүүдээр МВА, магистр төгссөн эсвэл баклаврт байхаасаа эхэлж бэлтгээд AICPA, CFA зэрэг олон улсын сертификаттай байвал өрсөлдөөд л ажлын байр санал болгоно. Эдгээр сертификатууд нь 2-3 жилийн тасралтгүй бэлтгэл шаарддаг болохоор магистрд ороод бэлтгэвэл амжихгүй. Өмнө нь бэлтгэж байгаад магистрд байхдаа шалгалтыг нь өгөх төлөвлөгөөтэй эхлэх хэрэгтэй.
Ажилд орсон хойноо ч өөрийнхөө хүссэн салбартаа ажиллах боломжийг олгодог.

Б. Гадаад хэлний давуу тал

Зөвхөн санхүүгийн байгууллага ч гэлгүй Солонгосын компаниудад гадаад хэлний мэдлэгээрээ ажилд орсон гадны оюутнууд харьцангуй их байдаг. Англи хэлний хувьд TOEIC-ын шалгалтын оноо болон ярианы чадварыг хардаг. Нэмээд орос хэл юмуу хятад хэлний мэдлэгээ баклаварт байхдаа
сайжруулж чадвал ажил ороход ч орсон хойноо ч маш их хэрэг болдог.

В. Компаниа сонгох

Солонгосын компаниуд маш олон боловч гадаадын зах зээлд өрсөлддөг, глобалчлагдсан компаниуд л гадны оюутнуудыг "сонирхдог". Samsung, LG, SK болон эдгээр компаниудын охин компаниуд санасныг бодоход олон байдаг төдийгүй группийн түвшинд дадлагын програм, ажлын байрны саналыг гадны оюутнуудад олгодог. Баклаврын оюутнуудын хувьд жилд 2 удаа гардаг / солонгос оюутнуудтай хамт / ажлын зарын дагуу материалаа өгнө.
Магиструуд ч гэсэн хамт өгч болохоос гадна компаны вэб дээр гарсан зарлалын дагуу хэзээ ч ажлын байр гарч магадгүй байдгийг анхаарах хэрэгтэй.
SK хятад хэлтэй оюутнуудыг ихээр авдаг бол Samsung, LG нь программын инжинеер зэрэг нарийн мэргэжлийн оюутнуудыг иргэншлэл харгалзахгүй авдаг.

Г. Монгол Солонгосын "ирээдүйтэй" салбарууд

Монгол улс маань хүн ам цөөнтэй болохоор экспортын чиглэлтэй Солонгос компаниуд төдийлөн сонирхдоггүй. Бүгдийн амны уншлага болсон ашигт малтмалаар ч хувь хүмүүс л голчлон сонирхдог тул брокер л хийхгүй бол ажлын байр их байхгүй. Харин ашигт малтмалыг зөөвөрлөх дэд бүтэц, уул уурхайн дэд бүтэц, барилгын архитектур, замын зураг төсөл, хүнд текник тоног төхөөрөмжийн хувьд барууны технологи сайн хөгжсний дээр хурдан, бага өртгөөр / хятадаас чанартайгаар / босгодогоороо алдартай. Ирээдүйн 10 жилд Монголд барьж босгох зүйл мундахгүй байгааг, Монголчууд дан хятадуудаар
юмаа бариулахаас болгоомжлох магадлалтайг бодолцвол ирээдүйтэй салбар гэж боддог.

Ерөнхийдөө иймэрхүү байна.

Бага багаар сайжруулж нэмээд байхыг бодно оо.


Батжаргал

2009.12.29